
2010.01.27-д Apple фирмийн тэргүүн Стив Жобс нэгэн шинэ бүтээгдэхүүн болох iPAD хавтсан компьютерээ танилцууллаа. Харахад нэлээд том гар утас шиг харагдах боловч үнэндээ энэ нь иж бүрэн компьютер юм. Стив Жобсын эрэмбэлснээр бол уг хавтсан компьютер нь Apple-н iPhone болон MacBook Pro-н дунд байраа эзлэнэ.

iPAD-н үзүүлэлт, хүчин чадлыг товч дурдвал:
- шинээр зохион бүтээгдсэн 1ГГц хурдтай А4 процессор
- 16Г, 32Г эсвэл 64ГБайт-н флэш хатуу диск (SSD)
- 10 инч (24 см) диагнольтай, 1024х768 нарийвчлалтай HD LED дэлгэц
- өндөр нь 24см, өргөн нь 19см, зузаан нь ердөө 1,34см, жин нь 730г гэхээр А4 бичгийн хавтаснаас арай жижиг, тэгсэн хэрнээ хуруу зузаан, тун хөнгөхөн эд болох ажээ.
Баттерейгаараа бүрэн ачаалалтай буюу WLAN-д холбогдон ажиллах үедээ ойролцоогоор 10 цаг, хүлээлтийн горимдоо хэдэн 7 хоногоор ажиллах чадвартай. Луужин болон хөдөлгөөний мэдрэгчээр бас тоногдлогдсон юм байна. iPhone-той адилаар хүрэлцэх мэдрэмжтэй дэлгэцээр дамжуулан хурууны үзүүрээр программуудыг хялбархан удирдаж, виртуал товчлуурын интерфэйс нь жинхэнэ товчлууртай гарыг орлох юм байна. Нэмэлт товчлууртай гар холбож болохоос гадна дагалдах сууринд (docking station) суулган яг iMac шиг ашиглах боломжтой юм.

Харин энэ хавтаст дутагдалд тооцогдох зүйлүүд нь:
- олон даалгаврын үйлдлийн системгүй, iPhone-н үйлдлийн системийг ашиглана
- Flash бүхий вэб хуудсыг бүрэн дүрсэлж чадахгүй
- баттерей нь дотроо бэхлээтэй тул шинээр баттерей солих боломжгүй зэрэг юм.
Үнийн хувьд хувилбараасаа хамааран хэд хэдэн янз байх нь. 16ГБайт-н санамжтай, Wifi интерфейстэй нь 499 ам.дол. бол 64ГБайт санамж, Wifi, UMTS интерфейс-тэй нь 829 ам.дол.-с эхлэн зарагдах ажээ. Гэхдээ Wifi-тай хувилбар нь одоогоос 60 хоногийн дараа, Wifi болон UMTS-тэй хувилбар нь 90 хоногийн дараа бэлэн болох ажээ.